Monday, April 6, 2009

Эмгэнэл

Я.ГАНБАЯР 1966-2009

Нэгэн эрхэм багш минь бурхны оронд морилжээ. Ямар харамсалтай мэдээ вэ... цэл залуухан хийж бүтээх насандаа Манал бурханы хажууд байхаар одлоо. Монголын уламжлалт анагаах ухаанд нөхөж баршгүй их гарз учирлаа даа. Багштайгаа хамгийн сүүлд 2007 оны зун Говь-Алтай аймагт сургалтаар очсон байхад нэг өдөр салхинд гаран цуг байж уламжлалт анагаах ухааны түүхээс сонсож байсан нь саяхан мэт. Багш маань уламжлалт анагаах ухааны түүх, гүн ухааны чиглэлийн судалгааг түлхүү хийж анагаах ухааны докторын зэрэгээ амжилттай хамгаалаад тун ч удаагүй байж билээ. Ахиад уулзахгүй гэхээр ерөөсөө үнэмшиж чадахгүй юм аа...

Багш та бурхны орондоо тайван морил доо. Ум ма ни бад мэ хум.

Monday, February 9, 2009

Солонгост анх удаа Анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа

Энэ сарын 26 нд Seoul National University-ийн анагаах ухааны докторын зэргийг Монголоос анх удаа Сангидоржийн Одонгуа анд хүртэх гэж байна. 2004 онд ЭМШУИС-д анагаах ухааны мастерийн зэргийг хамгаалан Солонгост суралцахаар очоод бөөрний өвчний чиглэлээр зэргээ хамгаалан улмаар тухайн эмнэлэгтээ ажиллах урилга хүлээн авчээ. Монгол хүний оюуны өндөр чадварыг Солонгосуудад харуулж чадсан анд найзаараа бахархаж байна.



Мэдээллийн эх сурвалж

http://news.chosun.com/site/data/html_dir/2009/02/06/2009020601469.html

Tuesday, November 18, 2008

Innovation 2008

ЭМШУИС дээр нэг оюутны клуб байсан юм. Хийх бүтээх сэтгэлтэй залуухан багш удирддаг. Их сайн сайн хүүхдүүд оролцдог. Тэд маань одоо өд сөд нь ургаж гүйцээд “Дэлхийн Эрүүл Мэндийн Төлөөх Түншлэл” ТББ болон Монголын эрүүл мэндийн салбарт өөрийн гэсэн дуу хоолойтой болж мөрөө гарган явна. Хийж бүтээх их хүсэл, сайн зохион байгуулалт нийлэхээрээ ямар сайхан үр дүнд хүрч байна. Тэдний зохион байгуулдаг Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтний шинийг эрэлхийлэн санаачлахыг уриалан дуудаж, шинэ санаа, шинэлэг бүтээлийг нийтэд таниулах “Innovation 2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал 2008 оны 11 сард болох гэж байна. Та бүхэн илүү их мэдээлэлтэй танилцаж http://www.innovationjournal.mn/ хаягаар зочлоорой

Tuesday, April 24, 2007

Анагаах ухааныг сонгосон чамаас асууя.

Анагаахын оюутнуудад: Анагаах ухааныг сонгосон чамаас асууя.

Эмч болох гэж байгаа чамаас асууя. Ахлах сургуульдаа физик, англи хэлэнд дуртай байсан байж магад. Гэхдээ анагаах ухаанд дуртай байсан гэвэл худлаа. (Японы ихэнх анаагаахын сургуулийн шалгалтанд бичгийн шалгалтаас гадна ярилцлагын шалгалт авдаг.) Японы аль ч ахлах сургуульд анагаах ухааныг заадаггүй юм. Тиймээс анагаах ухаан сонирхолтой учраас эмч болохоор шийдсэн гэх нь байж болзошгүй эд. Чи өөрөө энэ ухаанд дуртай үгүйгээс үл хамааран, сонгосон гэдэг бодит байдлаа хүлээж авахаас өөр аргагүй. Дуртай дургүйгээ мэдэхгүй байж өөр шалтгаанаар энэ мэргэжлийг сонгосон чамд өөрт чинь л хариуцлага ноогдоно.Иймээс хичээл сонирхолгүй байна гээд хичээл таслахыг зөвшөөрөхгүй.

Дараа нь чамаас асууя. Хүмүүсийн өмнө анагаах ухааныг сонгосон шалтгаанаа хэлж чадах уу?"Ирээдүйд эдийн засаг, нийгмийн хувьд боломжийн байр суурьтай" гэхээс өөр хариу хэлж чадахгүй бол Дантегийн Divine Comedy-ийг уншиж төгсөг. ( Японд хамгийн хүндтэй ?? гэж дуудагддаг мэргэжил нь эмч, багш, өмгөөлөгч байдаг. Чадахгүй бол өөр мэргэжил рүү шилж.

Цааш нь асууя. Бусдад зориулах, өөрийгөө золиослох урам зориг чамд байгаа юу? Эмчийн мэргэжил олон ангит кинон дээр гардаг шиг тийм сайхан эд биш. Хүнд өвчтөний төлөө хэдэн хоног дарааллан жижүүрлэж, яаралтай өвчтөний төлөө амралтынхаа төлөвлөгөөг гэнэт болих зэрэг өдөр тутам тохиолдох асуудал. Нас барах өвчинд шаналан уйлах өвчтөний сэтгэл зүрхийг дагах сэтгэл чамд байна уу?Чамаас шаардагдана. Эмчийн мэдлэг дутууг өршөөхгүй. Дутуу дулимаг мэдлэгтэй эмч болвол гэмгүй өвчтөнийг үхүүлнэ. Мэдэхгүй өвчний оношийг тавина гэж худлаа. Мэдэхгүй өвчнийг эмчлэнэ гэж худлаа.Эцэст нь өөрийн хариуцлагагүй байдлаас болсон гэх сэтгэлгүйгээр "янз бүрийн арга хэрэглэсэн ч аварч чадсангүй, харамсалтай байна"гэх нь дэндүү ичмээр. Ийм эмч болмооргүй байгаа бол "сайн сураад, сайн тогло" гэдэг үгийг март. Анагаахын оюутанд "сайн сураад, сайн сур" гэхээс өөр зам байхгүй гэдгийг ойлго.

Эмчийн улсын шалгалтанд тэнцээгүй оюутан аль ч сургуульд байдаг. Бүгд тэнцсэн ч болохоор шалгалтанд 10, 20% нь унадаг нь эмч гэдэг мэргэжлийн хүнд хариуцлагыг мэдрээгүйгээс болж байгаа юм. Чи өөрөө, чиний хамгийн хайртай хүн хүнд өвчинд баригдсан тохиолдолд дутуу дулимаг мэдлэгтэй эмчийн гарт тэр амийг даатгаж чадах уу? Эмч мэдэхгүй байж болохгүй. Эмч болно гэдэг айж чичирмээр зүйл.

Эцэст нь чамд хэлье. Эмчийн 2 баяр баясгалан байдаг юм. Эхнийх нь эмчлэгдэн эрүүл мэндээ эргүүлэн олж авсан өвчтөний баяр бол мөн эмчийн баяр. Дараагийнх нь энэ орчлонгийн хүмүүн төрөлхтөний төлөө анагаах ухааны нээлт хийх баяр.

Ингээд чи сайн сурч бурхан шиг энэрэнгүй, гарын дүйтэй сайн эмч боллоо гэе. Тэгвэл хэдэн өвчтөнг эмчилж чадах бол? Өдөрт 10 цаг, жилд 300 хоног, нийт 50 жил ажиллалаа гэж бодъё. Тэглээ гээд ихдээ 900000 өвчтөнг үзнэ. Гэтэл энэ нь Японы хүн амын 1%-д ч хүрэхгүй, дэлхийн хүн амыг тооцсоны ч хэрэггүй.

Инсулины нээлтийн өмнө эмч чихрийн шижингийн комонд орсон хүнд өвчтөнгийн өмнө тэдний төлөө юу ч хийж чадахгүй арга мухардан суудаг байсан. Харин Бантинг, Бест нарын ололтоор дэлхийн өнцөг булангийн хэдэн зуун сая хүн аврагдаж одоо ч аврагдсаар байна.

Эхний баярыг амсахын төлөө зүтгэх нь эмчийн үүрэг. Гэвч нэгээр дуусахгүй хоёр дахь баярыг амсахын төлөө ч зүтгээсэй гэж хүсэж байна. Сэтгэлийн жинхэнэ тайвшралыг авчрах нь эд баялаг, нэр хүнд, байр суурь биш хүний төлөө гэсэн хүчин зүтгэл юм шүү.

Цасангийн блогоос авав.

Tuesday, February 27, 2007

Эзэнтэй дурлал

Эзэнтэй дурлал

Дундуур бүхнийхээ төлөө гэгээн дурсамжинд очдог

Дурласан зүрхнийхээ төлөө гэнэн мөрөөдөлд автдаг

Асгарсан хайран дээр минь нар илүүдсэн жилүүд

Амрагийн зүүднээс намайг цагаан гунигтай сэрээдэг ээ

Ургадаггүй цэцгийг би зүрхэндээ тарих дуртай

Уруулийн балтай хөрсөнд согтуу ургах дуртай

Энгэрийн цагаан товчин дээр тэнгэрийн сарыг өеөдүүлж

Эрхэлж хоносон шөнүүдийг цагаанаар бодох дуртай

Дурлалын гэгээн сүмд минь эхнэртэй залуу ирдэг

Дугираг цагаан сарыг дундуур нь цуулж ирдэг

Хайранд минь тэр дандаа халамцуухан голдуу ирдэг

ХАчин гунигтай дурлалаа зүрхэндээ нууж ирдэг

Бурхан зураагүй замаар ганцаараа гүйчихсэн хойно

Буруу илүүдсэн хорвоод чамаараа би дэндүү дутлаа

Ийм бардамхан хайран дээр нүгэл бууж чаддаггүй юм билээ

Ийм богинохон жаргал дээр ухаан хэзээч суудаггүй юм билээ

Friday, February 23, 2007

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

17-р жарны "хамгийг номхотгогч" хэмээх гал гахай жилийн сар шинийн мэнд дэвшүүлж үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Friday, February 2, 2007

Эмчийн сайхан сургууль

Эмчийн сайхан сургууль

Үг Б.Дагданбазар, Ц.Баярмагнай
Ая Т.Насанбуян

Анагаан эдгээх мянган увьдасаа
Эрдмээс дээжилж бидэнд өвлүүлсэн
Ээжээс өөрцгүй эрхэм сургаалтай
Эрдэмт мэргэн багш нартай

Энэ яваа насаараа бид
Эрхэм ачий нь мартахгүй
Эцгийн цагаан өргөө шиг
Эмчийн сайхан сургууль шүү

Түмэн ардынхаа төлөө цохилох
Хүчийг зүрхэнд минь шингээсэн
Хүний төлөө амиа ч хайрламгүй
Хүслийн жигүүр бидэнд хайрласан

Энэ яваа насаараа бид
Эрхэм ачий нь мартахгүй
Эцгийн цагаан өргөө шиг
Эмчийн сайхан сургууль шүү

Элсүүлж авсан анхны өдрөө
Эрдмийн алтан чагнуур атгуулсан
Эрүүл энхийн соргог манаа
Эмчийн тангараг бахтай өргүүлсэн

Энэ яваа насаараа бид
Эрхэм ачий нь мартахгүй
Эцгийн цагаан өргөө шиг
Эмчийн сайхан сургууль шүү

ЭМШУИС-ийн сүлд дуу